Picture
Алтан дэлхийд төрсөн минь учиртай 
Аавын гэрийн амар тайвныг эвдээд би 
Ачит эхээ арван сар зовоосны эцэст 
Алаг үр нь болж баярлуулах гэсэн юм би 
Алтан дэлхийд төрсөн минь учиртай 

Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай 
Гэмгүй шувуудын үүрийг эвдэж өндгий нь няцлаад 
Хэрсүү сууж ухаан орсныхоо эцэст 
Гэнэн насаа өрөвдөж зовж явах гэсэн юм би 
Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай 

Алаг дэлхийд төрсөн минь учиртай 
Адуу манаж дассан атархан тал нутагтаа 
Анхны дурлалтай учирч эмнэг сэтгэлээ уяраагаад 
Аз дутаж амьдралын турш мөрөөдөх гэсэн юм би 
Алаг дэлхийд төрсөн минь учиртай 

Тоост хорвоод төрсөн минь учиртай 
Тохойн чинээхэн үрийнхээ шөнийн уйлахыг сонсож 
Төрсөн эцгийндээ авчирсан зовлон баяр хоёрыг 
Тоо ёсоор нь өөрөө амсаж мэдэх гэсэн юм би 
Тоост хорвоод төрсөн минь учиртай 

Дуулим хорвоод төрсөн минь учиртай 
Дуулж суугаад ээжийгээ уйлахыг нь үзэх гэж 
Дуунд тийм чадал шингэж байдгийг мэдээд 
Дуу өөрөө зохиож дуутай хамт амьдрах гэсэн юм би 
Дуулим хорвоод төрсөн минь учиртай 

Хөрст дэлхийд төрсөн минь учиртай 
Хүлгийн зоо болсон төрсөн нутагтаа амьдрах гэж 
Хүүгийн сэтгэлээр эх орондоо хайртай байсан юм гэж 
Хойч үеэрээ ам бардам хэлүүлэх гэсэн юм би 
Хөрст дэлхийд төрсөн минь учиртай 
1959 он.




Leave a Reply.